Алмас
Эргэн тойрондоо зарим хүмүүсийг харж байхад гадаад явахыг амьдралынхаа зорилго, мөрөөдөл болгон зуучлагч хайсан, арга чарга судалсан хүмүүс бас цөөнгүй байх юм.

Тэгээд бас ч гэж бусадтай харьцуулахад гадаад дотоодоор явж бас галуу шувууны мах Бээжингийн гуанзанд, ганбиртай шөл Сайгоны гуанзанд, шарсан банш Шанхайн гуанзанд, сөжү бибимбаб Сөүлийн гуанзанд, тонкоцү рамэн Токиогийн гуанзанд идэж ууж явахад ч чанасан мах, өрөмтэй талхыг гүйцэх амттан ховорхон байдгийг мэдэрснийхээ хувьд тав гурван мөр сийрүүлье юү гэж бодлоо.

Өндөр цалин мөнгөтэй, эрүүл цэвэр орчинтой, маргаашийн ажил харьцангуй баталгаа найдвартай нийгэмд ажиллаж амьдрах нь бас л сайхан. Хоол унд нь ч амт чанар гэж ярих юм байхгүй сайхан сайхан. Цаг агаар ч зундаа халуун газруудыг эс тооцвол бас л Монголын тэсгэм хүйтэн, хаврын хавсрагатай харьцуулахад өөлөх юмгүй сайхан газрууд их бий л дээ дэлхий дээр. Хэрэв боломж, чадвар нь байвал залуу насандаа 2-3 жил гадаад улсад сурч, ажиллаж, амьдраад үзэх нь дээр гэж боддог юм. Харин түүнээс илүү удаан бол дэмий байдаг.

Анхандаа ч бүх зүйл нь сайхан, их ч зүйл сурч мэднэ, бараг л буцахгүй тэр чигээрээ амьдарсан ч болмоор л санагдана. Түүнийхээ хажуугаар бас ч Монголдоо очихоороо хэрэгжүүлнэ гээд харсан болгоноо л сураад, тэмдэглээд нутагтаа аваад харьмаар санагдана.
Хүн гэдэг амьтан чинь дасах гэж нэг айхтар програмтай юм хойно тэгсгээд нөгөө амьдрал дунд ороод тэр нийгмийн араа шүд болоод явж байтал цаг хугацаа гэдэг урсаад алга болдог юм билээ. Тэгээд бас явна явна гэж явсан хүн тийм амар буцчихаж бас чадахгүй нэг хүлээтэйн зовлон, сэтгэлийн мухарт нэг юм тороод яваад байдаг. Тэгээд удвал Монголдоо бас байр суурь эзлэх нөхцөл боломж, цаг хугацаагаа нөгөө талаараа алдаж буйгаа анзаарч мэдэж амждаггүй, эсвэл мэдэрч ойлгосон ч буцаад явчихаж чаддаггүй.
Бас нөгөө талаар Монголдоо нэлээд чөлөөтэй байдаг хүний хувьд тийм нэг бие нь чөлөөтэй ч сэтгэхүйн хүлэгдмэл баригдмал, эсвэл хэтэрхий чөлөөтэйн сул дорой байдал ч юмуу үүсгэх орчин нийгэмд зарим хүмүүс ядарч залхаад эхэлдэг. Чанасан мах, намрын айраг, өрөмтэй талх, найз нөхдийн уулзалтын зураг харахаар гараад явчихмаар ч бас болдоггүй.
За тэгээд ажил төрөл хэцүү, хөтүү хүмүүсийн хувьд бол бүр ч ярилтгүй хэцүү...

Хааяа бас олон жил болсон нутгийн ах, эгч нартай уулзаж ганц нэг шилний ёроол харна. Буцаж ч чадахгүй, тэндээ байхдаа ч бас гонсгордуу яриа, нутгаа санасан хүмүүсийн санаашрал ихэнхдээ сонсоно. Зарим Монголдоо ирээд буцдаг Монголдоо байж бас чадахгүй болсон элдэв шалтаг, шалтгаантай болсон байдаг. Мэдээж бүүр нутгийн хүн болоод идээшсэн цөөн хүн бас байдаг л байх...

За тэгээд яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл гадаад явна гэж зорилго болгож, гадаад явна гэж мөрөөдөж битгий амьдраарай. Монголдоо яавал сайн сурч боловсорч, үнэлэгдэж, яавал сайхан амьдарч болох вэ гэж эхлээд бодож хичээх хэрэгтэй. Юу хийж бүтээх вэ гээд. Тэгээд мэдлэг, чадвартай болчихвол аяндаа гадаад явах боломж бололцоо хүссэн үед олдох боломжтой болдог. Болж өгвөл баригдмал хүлэгдмэл, удаан хугацаагаар гадаад яваад дэмий шүү богино хугацаагаар сурч, ажиллаад ирэх нь дээр л гэж хэлэх байгаа юм.

Гадаадад идэх рамэн, чаахаан, ганбургер, кебаб, кари бүгдийг нь бараг Улаанбаатарт бол идмээр бол гараад л идэж болдог. Хөдөө бол Улаанбаатар ороод идчихэж л болно дөө. Харин Монголд ууж идэх шимийн архи, айраг, өрөм, амтат "хатуу" мах, Атар талх бол тэр бүр амар олддоггүй юм билээ. Хамгийн хямдхан элбэг Атар талхаа хүртэл санан санан Монголдоо эргэж ирж идэхэд хамгийн амттай л талх байдаг. Тэр бүрийг дунд нь байхдаа мэдэрдэггүй болохоор мэдээж гадаад явах боломж байгаад, залуудаа сураад ирэх боломж гарвал алдалгүй ашиглаад яваад ирэхэд бол буруудахгүй л дээ.

Мэдээж үзээгүй, мэдрээгүй хүнд ингэж хэлэхээр ойлгомжгүй инээдэмтэй санагдах байх. Нэг л их олон янзын хоол ярьсан нөхөр энэ одоо өлөн амьтан бэ гэж бодож байж магадгүй хаха. Хамгийн энгийн жишээгээр л Монголд маань уг нь дэлхийн хаана ч байхгүй сайхан зүйлс байдаг, дэлхийн бас сайхан зүйлс ч ихэнх нь энд дэргэд маань байж байдаг юм шүү гэдгийг хэлэх гээд, бас гадаад руу хамаагүй хүсэж удаан хугацааны гэрээтэй, төлөвлөгөөтэй ажиллаж сурахаар явах нь тийм ч бас сайн сайхан хэрэг биш шүү гэдгийг л дамжуулчих санаатай л бичиж сууна.

За тэгээд гол нь хүсэл тэмүүлэлтэй, сурч боловсроод хийвэл интернэт, компьютертай болсон, хажуу хөрш улсууд хөгжсөн өнөөгийн нөхцөлд манай Монголд бас ч боломж бололцоо их байгаа л харагддаг.
Жишээлбэл програмчлал, гадаад хэлийг хүн бие даагаад сурахад харьцангуй хялбар, боломжтой. Харин програмчлалын чадвартай, хэлний дунд зэргийн мэдлэгтэй байхад л гадаад руу интернэтээр ажил хайж бүртгүүлээд, визээ гаргуулаад хар ажил хийж ядрахгүй оюуны хөдөлмөр хийхээр харьцангуй өндөр цалинтайгаар явчих боломж ч бас зөндөө байгаа.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Бас нэг их олон улсаар аялаагүй ээ. Дээр бичсэн хоолны хавьцаа л байгаа. Японд хэдэн удаа нийтдээ 4 жил гаран амьдарч байсан. Гэхдээ энэ нийтлэлд олон газраар явж үзсэн, илүү удаан амьдарсан, зарим нь Монголдоо ирэхсэн гээд ирж чаддаггүй хүмүүсээс сонссон зүйлс бас багтсан байгаа.

Алмас хэзээ бичсэн: 2020-11-17 12:42 | |
Ta heden ulsaar aylaj uzsen be bas her udaan hugatsaand amidarch baisan be?
Зочин хэзээ бичсэн: 2020-11-14 11:50 | |
Бас хүн хүний мэдрэмжээс бас хамаарах л байх л даа...
Алмас хэзээ бичсэн: 2020-08-28 08:32 | |
Уншиж сэтгэгдэл бичсэнд баярлалаа. хайртай
Тийм шүү. Нөгөө Дассан газрын даавуу зөөлөн гэдэг байх л даа. Дээр нь дасахаас гадна бас жишээ болгож бичсэн хоолнууд гэхэд сайхан ч бай муухай ч бай өөр газар байдаггүй зүйлс энд байдаг. Бусад нь дурлаж дуурайж хийх нь ховор байх, дээр нь бэлчээрийн мал аж ахуй гэх мэт. Японд иддэг сайхан хоолнууд гэхэд гараад л хажуугийнхаа реторанд ороод идчихэж болохоор болж дээ УБ-д бол. Тиймэрхүү ялгаа бас байгаа санагддаг.
Алмас хэзээ бичсэн: 2020-08-28 08:27 | |
дэлхийн хаана ч байхгүй сайхан зүйл гэдэгт өссөн, дассан орчин, гэр бүл, энд эхэлсэн нөхөрлөл, дассан хоол унд л орно доо, "дассан" гэдэгт л учир байх шиг байгаам
зъя тэр байгаль майгаль бол манайх шиг нь дэлхийд энд тэнд бий бий, бид л гүйцэж үзэж чадаагүй л байх
хундага (зочин) хэзээ бичсэн: 2020-08-27 12:17 | |



:-)