Алмас
"Зөв үү?" гэсэн эхний хэсгийг уншаагүй бол энд дарж уншаарай.

2. Хэнхэг, бас ажлын хэнээтэй бай.

Юу яриад байна аа? гэж бодож байна уу? 

Ажил чинь хүмүүстэй харилцдаг бол харилцагч, үйлчлүүлэгч бүрийг сэтгэл хангалуун үлдээхийн төлөө хичээж, эсвэл хүнтэй харилцдаггүй ч гар бие эсвэл сэтгэж хийдэг, ер нь ямар ч ажил хийдэг байсан ажлаас зугтаалгүй, чин сэтгэлээсээ ажлаа хамгийн сайн хийгээрэй. Ажлаа яавал илүү сайжруулах, яавал амархан болгож өөрчлөх талаар байнга бодоорой. Ажилдаа дургүй бол өөрийгөө дуртай болгож, залхууралгүй, уншиж судалж өөрийгөө хөгжүүлж, тэмцэж чадвал та амжилтад хүрэх л болно. Магадгүй таныг удирдлага чинь дэмжихгүй, хамт олон чинь амиа хичээгчид байсан ч тэр, үнэхээр дурлаад, судлаад, бас илүү байхыг эрмэлзээд ажиллавал та тэр хэмжээгээрээ өөр компанид очоод ажиллахад ч гэсэн үнэ цэнэтэй хүн болох болно. Ингэхдээ давхар эргэн тойрныхоо бусад хүмүүсийг ч өөрчлөхийг хичээгээрэй. Компанийн бүх ажилчид чинь сэтгэлээсээ ажиллавал тэр компани хөгжиж, амжилтанд хүрнэ. Магадгүй "хэнхэг" "ажлын хэнээтэй" гэгдэж ч мэднэ. Үүнд бүү санаа зов. Энэ нэрнүүд огтхон ч муу зүйл биш. Харин ч сайн зүйл. Монголчуудын иймэрхүү үгнээс зугтдаг, "нэрэлхүү" зан нь ажилд дургүй, залхуу, хичээж ажилладаггүй хүмүүс болгодгоос компани нь ч, улс орон нь ч, тухайн хувь хүн ч хөгждөггүй. Ийм ажилдаа дургүй, өдөр хоногоо өнгөрөөсөн байдал нь амьдралыг сонирхолгүй, утгагүй, эргэн тойрны хүмүүсийг нь ч муухай болгож харагдуулдаг. Тиймээс "хэнхэг" "ажлын хэнээтэй" байцгаая. Ингэснээр та ажилдаа ч илүү дурлаж, бас амжилтад хүрч түүнийхээ үрийг амсах болно.

Бас ажилдаа анхаарал хандуулснаар бусад стрессээсээ хүн салдаг. Бусад ач холбогдолгүй зүйлсэд санаа зовж, стрессдэх нь ажлаа сэтгэлээсээ хийж буй үйлдэлд дарагдан хүн стрессдэх нь багасдаг байна. Ажилдаа шамдан зорилготойгоор ажиллахад, зорилгодоо хүний анхаарал төвлөрч илүү их эрч хүчтэй болдог.

Миний хувьд ажилдаа бас дургүй, өдөр хоногуудыг өнгөрөөсөн үе их бий. Харин одоо илүү их дурлаж, яг л дурласан бүсгүйгээ байнга бодож, нэрийг нь сэтгэлдээ шивнэж, уулзах талаар бодож, үсийг нь илээд, тэврээд суухыг, үнсэхийг, үнэрийг нь мэдрэхийг, хөтлөлцөөд бороонд алхахыг хүсдэг шигээ ажлаа үргэлж бодож, яаж хурдан хийх, яавал илүү гоё, яавал илүү үр дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох талаар байнга бодож байх хэрэгтэй юм байна гэж ухаараад, үүнийгээ хэрэгжүүлж эхэлснээс хойш илүү өөртөө итгэлтэй, бас завгүй, ажилсаг нэгэн болсон. Бас олон санаа зовдог байсан зүйлс мартагдаж, ажлаа хамгийн чухал зүйл гэж бодож дурлах болсон. Урд нь найз бүсгүйтэй болох талаар, бусад хүмүүсийн сайхан амьдарч байгаа талаар бодож гиеүрч цагийг өнгөрөөж байсандаа харамсдаг. Нэг бүсгүйг их боддог, заримдаа ажлаа хийж байхдаа хүртэл бодоод, мартаж чадахгүй үе байсан. Харин одоо ажилдаа илүү анхаарал хандуулж, бүүр тэр бүсгүйгээ хүртэл мартахыг хүсэж, харилцаагаа тасалж ажилдаа анхаарлаа хандуулах болсон. Харин энэ маань эргээд намайг илүү өөртөө итгэлтэй, илүү их зорилго тэмүүлэлтэй хүчирхэг болгож, зорьж байгаа зүйлдээ амжилтанд хүрнэ гэдэгтээ илүү итгэлтэй болгосон.

Нэгэн компанийн залуу ажилчин хоцорч ирнэ, бас ажлын цагаар Facebook зэрэг сайтуудаар орно. Хамгийн гол нь өгсөн даалгаврыг хийгээд байгаа мэт харагдах боловч 14 хоног, 1 сарын дараа гэхэд хийсэн зүйл нь маш хангалтгүй бол компани тэр хүнийг цаашид ажиллуулах нь хэцүү. Хичээсэн, үнэн голоосоо ажилдаа дурласан бол өөрийн хийж байгаа хэсэг, компанийн хийж буй ажил ямар хэмжээнд явж байгаа, өөрийн оролцоог ч мөн бодож үзээд болохгүй байгаа, өөрийн чадах хэсгүүдийг сайн дураараа дааж авч хийж болно. Хэн нэгний өгсөн даалгаврыг хийчихсэн гээд, эсвэл хүлээгдэж байгаа гэж шалтаг тоочоод суувал тэр хүн байрнаасаа хөдөлж дээш ахихгүй. Компанидаа ч хангалттай хувь нэмэр оруулж чадахгүй. Гэвч ядаж л өглөөд хоцролгүй ирж, ажлын цагаараа үр бүтээлтэй ажлаа хийгээд, үр дүн гаргаж чаддаг бол тэр хүн байгууллагадаа үнэлэгдэнэ. Үнэхээр сэтгэл байвал хүн илүүг сэтгэж, бусдаас илүү цагаар ч хүртэл сууж ажиллах болов уу. Магадгүй цалин бага өгөөд, илүү юм их зүйл шаарддаг, зааж, зөвлөх, удирдах тал дээр ч дутагдалтай байж магадгүй. Гэвч ажлаа авч байгаа цалингийн хэмжээтэй холбож, цалиндаа тааруулж ажиллана гэдэг бол яг тэр цалингийн хэмжээгээр өөрийгөө үнэлж, яг тэр хямд цалингийн хэмжээнд хөгжилгүйгээр зогсоно гэсэн үг.

Эсвэл зүгээр л өөрийгөө ялж чаддаггүй, өнөөдөр, маргаашийн л өөртөө таашаалтай байгаа зүйлийг хийж цагаа үрдэг хүн бол, ажлынхаа төлөө чин сэтгэл гаргаж чадахгүй бол тэр хүнд даалгасан ажил хийгдэхгүй. Тэр ажил явахгүй, үр дүн гарахгүй бол бараг зүгээр шахам өөрийгөө баясгаад сууж байгаа хүнд цалин өгөх нь компанийн хувьд хандивын ажил хийж буйтай адил зүйл болно. Компанийн удирдлагууд ийм ажилтанд илүү амархан хийж чадах, илүү дуртай ажлаар сольж хийлгээд үзэж болно. Гэвч аль ч тохиолдолд ажилтан маань өөрөө чин сэтгэлээсээ ажилдаа өөрөө өөрийгөө дурлуулах, тухайн компанийг хөгжүүлэх, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн сайн болгохыг хүсэж, өөрийн хийж буй хэсгийг, хүлээсэн үргээ хамгийн сайнаар л гүйцэтгэж байх хэрэгтэй. Ингэж байж компани хөгжинө, ингэж байж орлого илүү олж, ингэж байж ажилтнуудын цалинг илүү нэмнэ.
Магадгүй Монголын зарим компанийн хувьд ажилтан нь хичээсэн ч гэсэн зөвхөн захирал, эзэд нь л баяжиж, захирал эзэд, эсвэл орлого дундаас нь шамшигдуулагч нөхдүүд л хувийн ашигтай байгаад байдаг тал бий. Ийм тохиолдолд ч гэсэн ажилтан өөрийн эрмэлзэл, хүсэл зориг, ажилдаа дуртай байдлаа алдаж болохгүй. Тэр ажил хэнийг баяжуулж байгаа гэдгээсээ илүү та амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд ажилдаа дуртай байх, өөрийгөө дуртай байлгах хэрэгтэй. Ингэснээр та ажил хийх явцдаа илүү их өөрийгөө хөгжүүлж, чадваржиж, ажлаа сольж өөр газар очиход ч гологдохгүй, илүү цалинтай ажиллах боломжтой болох хэмжээнд хүртэл хичээх л хэрэгтэй. Ингэж байж амьдралаа дээшлүүлж илүү сайхан амьдарна.

Бас хэрэв шударга биш байгаа бол захирал ч бай, удирдах ажилтнуудтай зоригтойгоор, бас сайн бодоод шууд харилцаж сурах нь чухал. Хэрэв ажилд чинь таагүй, ачаалал чинь хэт их боловч цалин чинь тэр хэмжээнд хүрэхгүй шударга биш санагдаж байгаа бол энэ талаар удирдлагатай ярилцахад яагаад болохгүй гэж? Хэрэв тохиролцож чадахгүй бол та үнэхээр чадвартай бол мэдээж өөр ажилд орж болно шүү дээ. Хэрэв тийм чадваргүй бол илүү болохын төлөө, өөр бусад хүссэн компани чинь таныг дуртайяа хүлээн авахаар тийм чадварлаг ажилтан болохын тулд илүү л хичээж ажиллах, ажилдаа дурлаж, чин сэтгэлээсээ ажиллах нь л чухал.

Ажилдаа өөрийгөө дурлуулж, ажлынхаа сайн, сайхан талуудыг олж харж, илүү дутуу тоглоом, цаг үрсэн зүйл, зөвхөн амиа хичээсэн занг тэвчиж, хамгийн чухал нь шударга занг эрхэмлэн ажиллаарай.

Саяхан Налайхын Хас банкаар үйлчлүүлэхэд 1-2 минутын дотор теллер бүсгүйн харилцаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөж татаж чадсан. Дахиад үйлчлүүлэх сэтгэгдэл төрсөн. Тэр бүсгүйн царай нь ч гэрэлтэй юм шиг, анх харснаас хамаагүй үзэсгэлэнтэй хөөрхөн болж харагдаад ирсэн. Хүмүүст хүн ийм сэтгэгдэл төрүүлж чадвал ийм сэтгэгдэл төрсөн хүн эргээд өөртэй нь гоё л харилцана.

Ихэнх хүн өөрийгөө ажлаа хичээж сайн хийдэг, их ажилтай, завгүй гэж боддог хэдий ч үнэн хэрэгтэй, тоглоом, чат, бусад зүйлсэд цагаа дэндүү их үрдэг, бас яг ажилдаа төвлөрч сайжруулах, чин сэтгэлээсээ хандах, бүүр 24 цаг бодох талаар огт бодож ч үздэггүй. Харин Японд бол ийм шургуу хүмүүс харьцангуй их олон байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)